/ / БНХАУ-ын хэрэглэгчид “Hybrid” автомашин руу хошуурч, “BYD”-ийн борлуулалт цойлов

БНХАУ-ын хэрэглэгчид “Hybrid” автомашин руу хошуурч, “BYD”-ийн борлуулалт цойлов

IX сард “BYD" компанийн борлуулалт анх удаа 200 мянган нэгж давжээ

Тэрбумтан Уоррен Баффет хувь эзэмшдэг гэдгээрээ олонд танигдсан БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “BYD” компани долоо дахь сардаа дараалан борлуулалтын дээд амжилт тогтоожээ. Есдүгээр сард тус компанийн борлуулалт анх удаа 200 мянган нэгж давснаар III улирлын нийлүүлэлтийн дүнгээрээ “Tesla”-ийг төвөггүй гүйцсэн байна.

Шэньжэньд төвтэй, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн борлуулалт жилийн хугацаанд 187 хувиар өсөж, 200 мянга 973 нэгж хүрснийг биржийн тайланд онцолжээ. “BYD” бүрэн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашиныг ижил хэмжээгээр үйлдвэрлэдэг бөгөөд өнгөрсөн улиралд нийт 534 мянга 164 нэгж автомашин үйлдвэрлэсэн аж.

Харин цахилгаан автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Tesla” дээрх хугацаанд 343 мянга 830 нэгж автомашин нийлүүлсэн ба борлуулалт нь шинжээчдийн таамагт хүрээгүй нь нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотой гэжээ.

Түүнчлэн өмнөх сард “BYD” нийт 7736 автомашин гадаадад экспортолсон нь мөн л өссөн үзүүлэлт боллоо.

Хорт бодисын ялгаруулалт багатай автомашинд татварын хөнгөлөлт үзүүлэх Бээжингийн бодлого дотоодын зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлж, энэ оны хоёрдугаар хагаст суудлын автомашины борлуулалт 20 хувиар өссөн байна. Харин АНУ, Европын автомашины зах зээл наймдугаар сард тус тус нэг оронтой тоогоор өсжээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна