/ / ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЗЭВСЭГ-2022 НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 02-ноос 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Иймд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхэн харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад бүртгүүлж хуульд заасан үүргээ биелүүлж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө, мэдээлэл авч тооллогод идэвхтэй хамрагдана уу.

ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН КОНЦЕРТЫН ТУСГАЙ ДУГААРЫН ТОГЛОЛТ ТОКИО ХОТЫН МЕТРОПОЛИТАН ТЕАТРТ БОЛЛОО

The Mainichi Newspapers-с зохион байгуулдаг Дэлхийн цагдаагийн чуулгуудын тусгай дугаарын тоглолт Японы нийслэлийн Тошима тойрогт байрлах Токио Метрополитан театрт боллоо. Дэлхийн цагдаагийн чуулгуудын концерт нь 1996 онд Токиод анх тавигдсанаас хойш Япон болон гишүүн орнуудын нутагт жил бүр зохион байгуулагдаж байна. Энэ жил цар тахлын улмаас зөвхөн Японы цагдаагийн чуулга амьд тоглолт хийж харин АНУ-ын NYPD цагдаагийн хамтлаг, Франц улсын La Musique des Gardiens de la Paix de Paris чуулга, Канадын Хатан хааны Морьт цагдаагийн (RCMP) Үндэсний дуу хоолой, бөмбөр, бүжигчдийн чуулга, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулга цахимаар амжилттай оролцлоо.

“Сүлд” чуулга нь өнгөрөгч онд дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны шалгуур шаардлагад тэнцэн жинхэнэ гишүүнээр сонгогдсон бөгөөд энэ жил Канадын цагдаагийн чуулгын хамт анх удаа нэгдсэн тоглолтод оролцож байгаа билээ.

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд баруун бүсийн аймгуудад сургалт зохион байгууллаа. Тухайлбал: Ховд аймгийн цагдаагийн газар, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, Увс аймгийн цагдаагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтод ажиллаж буй Гааль, Хилийн цэргийн байгууллагын ажилтан алба хаагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах нь” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.

ШИЛДЭГ ОФИЦЕР-2022" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын офицер алба хаагчдын дунд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, хууль эрх зүйн мэдлэг, ажиллах чадавх, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, идэвх чармайлтыг дээшлүүлж, урамшуулах, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор "Шилдэг офицер -2022" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 8 төрлөөр нийт 53 офицер хурд, хүч, авхаалж самбаа, эзэмшсэн мэдлэг, ур, чадвараа дайчлан өрсөлдөж шилдэг офицероо шалгаруулж "Тэргүүн" байр буюу "Шилдэг офицер"-өөр Эрүүлжүүлэх саатуулах баривчлах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бямбадорж шалгарч, “Батламж” цом, алтан медаль, үнэ бүхий зүйлээр, "Дэд" байранд Богд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Чулуунбаяр шалгарч “Батламж" мөнгөн медаль, үнэ бүхий зүйл, "Гутгаар" байранд Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Г.Цэрмаа шалгарч,”Батламж " хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.

МАЛЧДЫН БҮЛЭГ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

Улсын хэмжээнд зохион явуулж буй "Илрүүлэлт оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, малыг эзэнжүүлж, хариулгатай болгох, хөршийн холбоог идэвхжүүлэх зорилгоор Дорнод аймгийн цагдаагийн газрын Хөлөнбуйр сумын сум дундын цагдаагийн тасгаас Хөлөнбуйр сумын 1-р багийн малчдыг хамруулсан "Өлзийт", "Баянхан" малчдын бүлэг шинээр байгуулах арга хэмжээг зохион явууллаа.

Арга хэмжээний үеэр “Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийж, малчидтай санал бодлоо солилцож, бүлгийн гишүүдэд хантааз, дуран, гар чийдэн зэрэг хэрэгслийг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна