/ / ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 31 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 31 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улс түүхэндээ 4 дэх Үндсэн хууль буюу Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой өнөөдөр /2023.01.13/ тохиож байна.

Үндсэн хуулийг 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа хэлэлцэн баталж байсан бөгөөд 1924 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ.

Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, Анхдугаар Үндсэн хуулиа 6 бүлэг, 50 зүйлтэйгээр баталсан билээ.

Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны 06 сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар 12 бүлэг, 95 зүйлтэй баталсан байна.

Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны 7-р сарын 6-ны өдөр 10 бүлэг, 94 зүйлтэй баталж байжээ.

Монгол Улсын дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулийг 1992 оны 01-р сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их хурлаар 6 бүлэг, 70 зүйлтэй баталсан.

Шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг “Үндсэн хуулийн өдөр” хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй.

Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг.

Үндсэн хуулийн эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны Улсын Их Хурал бүрдүүлсэн юм.

Tweet

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна