/ / ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

Энэ долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭР ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ “ТЭРГҮҮН БАЙР”-Т ШАЛГАРЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээр Цагдаагийн ерөнхий газар салбартаа “Тэргүүн байр”-т шалгарлаа.

Цагдаагийн ерөнхий газар нь 2020, 2021 онуудад мөн тэргүүн байрт шалгарч байсан бөгөөд 2022 онд “А” үнэлэгдэж, ийнхүү сүүлийн гурван жил дараалан “Тэргүүн байр”-т шалгараад байна.

ФИЛИППИН УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАХ АЛБА ХААГЧДАД  “БАТЛАМЖ” ГАРДУУЛЛАА

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл, боломжийг хангах үүднээс Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад нийт 183 алба хаагч хамрагдаж, 107 алба хаагч тэнцсэн юм.

Дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Батламж” гардуулах ажиллагааг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан алба хаагчид цаашид хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод, гадаадын сургалтуудад давтан болон мэргэшин суралцах боломжтой болж байна.

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦАНД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 25 АЛБА ХААГЧ ХАМРАГДАХААР “БАТЛАМЖ”-АА ГАРДАН АВЛАА

Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан, хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэдэг цагдаа, дотоодын цэргийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй 25 алба хаагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах “Батламж”-ийг гардуулан өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийг хамгаалж, хэв журмыг сахиулах хүндтэй, амаргүй албанд зүтгэдэг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нийслэлийн удирдлага онцгой анхаардаг, цаашид ч тэднийхээ өсөн дэвжих нөхцөл бололцоог дэмжинэ. Хэцүү цаг үед ачааны хүндийг үүрдэг цагдаагийн албаны боловсон хүчин чадавхжиж, чадварлаг олон залуугаар эгнээгээ тэлнэ гэдэгт итгэж байна” гэдгийг онцолсон юм.

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.МАНЛАЙБААТАР ПРОФЕССОР ЦОЛ ХҮРТЛЭЭ

Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Довдоны Манлайбаатарт энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Клиникийн профессор” цол олголоо. Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 31 дэх жилдээ ажиллаж байгаа юм“Клиникийн профессор” цол хүртсэн танд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!

ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас жил бүр орон нутгийн сэтгүүлч нартай уулзалт зохион байгуулж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөө болон алба хаагчдын харилцаа хандлага, олон нийт, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлуудаас танилцуулдаг уламжлалтай.

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Чимэддагва 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, сэтгүүлч нараас асуусан асуултад хариулт өгч, санал солилцон 2023 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлав. Уулзалтад телевиз, сайт, сонин, сэтгүүл, FM радио, Засаг даргын тамгын газрын Хэвлэл, мэдээллийн ажилтан болон “Монцамэ” агентлаг, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Өвөрхангай аймаг дахь салбарын сэтгүүлч нарын төлөөлөл оролцсон юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна