/ / "Монгол зэсээр Монголд үйлдвэрлэсэн уртасгагчийг 100 айлд худалдаалдаг"

"Монгол зэсээр Монголд үйлдвэрлэсэн уртасгагчийг 100 айлд худалдаалдаг"

"Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмал"Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмал

Манайх газрын хөрснөөс олборлосон зэсээ бүхэлд нь экспортод гаргаад явуулчихдаг уу гэвэл үгүй. Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг Монголд анх нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг аль 1997 оноос "Эрдмин" ХХК үйлдвэрлэж байна.

Тэд “Эрдэнэт" үйлдвэрийн хаягдал, балансын бус, исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулж цэвэр зэс үйлдвэрлэж буй юм. Тус компани 1997 оноос  катодын цэвэр зэс, 2005 оноос зэс утас, 2007 оноос цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 52 төрлийн зэс утас үйлдвэрлэж байна.

Анх уул уурхайн баялгаа бүрэн дүүрэн ашиглах үүднээс “Эрдмин” үйлдвэрийг байгуулахыг "Эрдэнэт" ТӨҮГ-аас дэмжжээ. Улмаар Америкчууд ирж үйлдвэрийг байгуулсан, монголчууд технологиос нь суралцсан.  Америк, Австрали зэрэг халуун дулаан газар хэрэглэгддэг технологийг Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд нутагшуулж чадсанаараа онцлог.

Анх 1994 онд "Эрдэнэт Концерн" ХХК, АНУ-ын "RCM" компаниуд шүлтгүйжүүлэлт-Уусган хандлалт-Цахилгаан химийн технологи ашиглан "Эрдэнэт" үйлдвэрийн балансын бус, исэлдсэн хүдрийн овоолгоос хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
Улмаар 1997 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. "Эрдэнэтийн эрдсийн уусмал" гэсэн утга бүхий "Эрдмин" компани "Эрдэнэт" үйлдэврийн балансын бус, исэлдсэн хүдрийн овоолгуудыг 40 жилийн туршид ашиглах эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхэлжээ.

Үйлдвэрлэж байгаа катодын зэсийн чанарыг Английн "Alex Stewart Assayers" компани баталгаажуулдаг бөгөөд катодын зэсийн чанар 99.9 хувийн цэвэршилттэй байгаа нь Лондонгийн Металлын Биржийн "А" зэрэглэлийн чанарын шаардлага хангадаг аж.

"Эрдмин" ХХК-ийн үйлдвэрлэж буй зэс утас"Эрдмин" ХХК-ийн үйлдвэрлэж буй зэс утас

Эрдэнэт хотын үйлдвэрийн районд байрлах 120 гаруй ажилтантай тус компанийн катодын зэсийн болон зэс утасны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Технологиос дурдвал Эрдэнэт үйлдвэр баяжуулалтын процессод таарахгүй, балансын бус исэлдсэн хүдрээ овоолоод асгачихдаг. Үүнийг үүсмэл орд ч гэж нэрлэдэг. Хаягдал биш ч баяжуулахад тохирдоггүй хүдэр гэсэн үг. Энэ хүдэр "Эрдмин" ХХК-ийн бүтээгдэхүүний түүхий эд болдог. Ойролцоогоор 3-4 сая тонн хүдэр агуулсан овоолгыг литр тутамдаа 2 грамм хүхрийн хүчлийн агууламжтай уусмалаар бороожуулна. Энэ бороожуулах ажиллагаа нь зүлэг услахтай адил горимтой аж.

skip-share

Улаанбаатар хотод “Эрдмин”-ий өөрийн борлуулалтын дэлгүүр 100 айлын "Атлас" төвд байрладаг.

Уг уусмал хүдрийн биед нэвчихдээ зэсийг уусгаад авчихна. Ингэж ялгаж авсан зэсээ гидрометаллургийн уусгах технологиор хайлуулдаг байна. Гидрометаллурги гэдэг нь ядуу агуулга бүхий исэлдсэн хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулж катодын зэс үйлдвэрлэх технологи юм.

Ийнхүү гаргаж авсан зэсээр "Эрдмин" ХХК жилд 17.5 сая метр зэс утас, 3000 тонн катодын зэс үйлдвэрлэж байна. Эдний бүтээгдэхүүнийг голдуу барилгын компаниуд худалдаж авдаг. Мөн Улаанбаатар хотод “Эрдмин”-ий өөрийн борлуулалтын дэлгүүр 100 айлын "Атлас" төвд байрладаг аж. Тэнд зэс болон 0.26-.3.5 миллиметрийн голчтой зэс утас худалдаалж байна. Мөн эх орны хөрснөөс олборлосон зэс утастай, уртасгагч борлуулдаг аж.

Жишээ нь гар утас цэнэглэх болон офист ашиглахад тохиромжтой гүйдлийн ачаалал 10А-с хэтрэхгүй, 10 метрийн урттай уртасгагч 11 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Чанарын хувьд ОХУ-аас оруулж ирж буй зэс утаснуудтай яг адил бол, үнийн хувьд харьцангуй хямд гэдгийг үйлдвэрлэгчид хэлэв.

"Эрдмин" ХХК жилд үйлдвэрийнхээ нийт хүчин чадлын ердөө найман хувийг л ашигладаг. Хэрэв үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын зах зээлийн зэс, зэс утасны хэрэглээг 60-70 хувь хангаж чадна. Гэвч үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих бодлого, эрх зүйн орчин тааруу байгааг хэлж байна.

"Эрдмин" ХХК түүхий эдийн “хомсдол”-д орж болзошгүй нөхцөлд хүрчээ. Учир нь "Эрдэнэт" үйлдвэр сүүлийн хоёр жил хүдрийн овоолго нийлүүлээгүй аж. "Эрдэнэт" ТӨҮГ дотоодоо зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн тул балансын бус хүдрээ ч нөөцөлж буй бололтой. Иймд түүхий эдгүй "Эрдмин" ХХК-д цаашид ердөө хоёр жил л ажиллах нөөц боломж үлдсэн тухай удирдлагууд нь ярилаа.

Энэ компани үргэлж амжилттай ажиллаагүй. “Эрдэнэт үйлдвэр”-т өртэй, “Марубени”-д өртэй, зэсийн үнэ 1300 доллар хүртэл уначихсан, үйлдвэрлэлийн хэмжээ багасчихсан. Америкчууд ашиггүй гээд хувьцаагаа зарсан...2000 он хүртэл энэ мэт хүнд байдалд ажиллажээ.

2004 оноос бүх зээл, өр төлбөрөө дуусгасан үйлдвэрийнхэнд өөрөөр сэтгэж, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төржээ. Ганц катодын зэс үйлдвэрлээд байлгүй утас хийж яагаад болдоггүй юм гэж зориг шулуудсан аж. Ингээд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар 8 мм-ийн зэс татанги хийдэг нэг зуух Хятадаас авч, хуучин барилга худалдаж авч, засаж янзлаад тэндээ суурилуулав.

skip-share

Тэдний зах зээл нь ердөө л дотоод.

Татангиа гаргаад Солонгос руу зарах гэсэн чинь болсонгүй. Чанарын асуудалтай болов. Тэгэхээр нь зэс утас хийгээд заръя гээд зүтгэтэл мөн л болсонгүй. Орост катодын зэсээс дээш боловсруулсан бүтээгдэхүүн импортын татвартай, Хятад ч мөн адил. Ингээд зэс утсаа хоёр хөршдөө зарж чадсангүй. Солонгосууд утас авдаггүй. Төрийн бодлого нь аль болох түүхий эд авч өөрсдийнхөө үйлдвэрүүдийг ажиллуулж, ард түмнээ ажилтай болгох, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод эргээд зарахад чиглэдэг.

Ингээд зарж чадахгүйгээ мэдээд цахилгааны утас болгоё гэж шийджээ. Монголд ямар утас хамгийн өргөн хэрэглэдэг, экспортоор ямар утас их орж ирдгийг судалж үзээд 2008 оноос утас бүрэгч машин худалдаж аваад зэс утсаа хийж эхэлжээ.

Тэдний зах зээл нь ердөө л дотоод. Гэвч дотоодын худалдан авагчид БНСУ, ОХУ-д үйлдвэрлэсэн цахилгааны утас, уртасгагч сонгох нь элбэг. Уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийж, төр бодлогоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь чухал юм. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн л эдийн засагт жин дарна. Нэг тонн зэсийг утас болгож зарах, тууз болгоод зарах бүрд нэмүү өртөг шингэдэг. Зэсийг хүндийн жингээр нь хэмжиж зардаг бол утсыг метрлэж зарна. Энэ бүхэн дээр нэмүү өртөг гардаг аж.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна