/ / Архинаас татгалзъя

Архинаас татгалзъя

Уусан архи хэрхэн задрах вэ?

Уусан архины 10 хүрэхгүй хувь нь хөлс, шээс, амьсгалаар дамжин гадагшилдаг. Харин үлдсэн хэсэг нь ердийн хоол хүнсний адилаар энерги ялгаруулан задардаг. Гэвч хоол хүнснээс ялгаатай нь зөвхөн элэг архийг задалж, бодисын солилцоонд оруулдаг тул архийг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд элгэнд илүү их ачаалал өгдөг. Архийг зохистой хэмжээнд нь хэрэглээд байхад элэг үүргээ бүрэн гүйцэтгэж биед ямар ч аюулгүй. Харин хэтрүүлэн хэрэглэхэд элэгний үрэвсэл буюу цирроз болж хүндрэн элэгний сорвижилтийн улмаас үйл ажиллагааны хомсдолтой болох эрсдэлтэй.

Архи тархинд яаж нөлөөлдөг вэ?

Архи нь тархи, мэдрэлийн системд тайвшруулах нөлөө үзүүлдэг. Энэ мэдрэмжийн нөлөөгөөр орчин тойрноо үнэлэх үнэлгээ өөрчлөгдөн зориг суун архи нэмж ууж аз жаргалын мэдрэмжээ улам нэмэгдүүлэх хүсэлтэй болдог. Архи хэрэглэсэн даруйд тархины сэтгэл хөдлөлийн төвд эерэг мэдрэмж төрүүлэх боловч алсдаа архины задралын бүтцийн удаан нөлөөгөөр хүний биед бодисын солилцооны дарангуйлал болон сэтгэл гутрал үүсэх уршигтай. Архины нөлөөгөөр биеийн хөдөлгөөн удирдах, хянах чадвар сулардаг. Улмаар хөдөлгөөн, үйлдлийн баримжаа болон чадавхи алдагдаж сэтгэл хөдлөл нь үйлдлээ гүйцэхээ больдог. Үргэлжлүүлэн уусаар байвал тэнцвэрээ алдаж, хариу үйлдэл хийх чадвар буурч, өөрийгөө эрсдэлд оруулах магадлалтай.

Бусад эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

Архи нь цусны судсыг тэлж, даралт бууруулдаг учир бусад эрхтнүүдэд хүргэгдэх цусны хангамж сулран эрхтнүүдэд хангалттай цус түгээхийн тулд зүрх илүү их ачаалалтай ажиллах шаардлагатай болдог. Булчинд хүргэгдэх цусны хэмжээ багасч (шарталтын үеийн зовиураар илэрнэ), харин арьсан дахь цусны хэмжээ нэмэгдсэнээр хөлрөлт ихэснэ. Архи ходоодны салстыг цочроодог тул ходоод агшин бөөлжихөд хүргэдэг. Архи нь биеийн шингэнийг хөөж ихээр шээлгэснээс бөөрний ус шингээх, цус шүүх чадварыг багасган хордлогын байдалд оруулна. Ийм учраас хүмүүс байнга ариун цэврийн өрөө рүү гүйдэг ч маргааш нь ихэд ангасан байдаг. Хэт их шингэний дутагдал нь зүрхний хэмнэлийг алдагдуулж улмаар зогсоход хүргэх хүртэл аюултай. Архийг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх нь биеийн бүх эрхтнүүдэд сөргөөр нөлөөлж, сэтгэл санааны байнгын айдас түгшүүрт автуулж, үргүйдэл, ясны сийрэгжилт болон цус харвалтын эрсдлийг эрс нэмэгдүүлдэг байна.

Шартдаг шалтгаан

Архи нь шингэн хөөх дааварт нөлөөлснөөр архи уух явцад шээс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Шингэн хэт ихээр хөөгдсөнөөс хүний бие шингэний дутагдалд орж цусны хүчил шүлт, давсны тэнцвэр алдагдан толгой өвдөх, дотор муухайрах зэрэг хордлогын шинж тэмдгүүд илэрнэ. Үүний хамтаар цусан дахь сахар задлах инсулин ялгаруулалт нэмэгдсэнээр цусанд байвал зохих сахарын хэмжээ багасч, энергийн төвшин буурдаг. Согтууруулах ундаанд агуулагддаг хольц нь хүний биед хортой адил үйлчилгээ үзүүлж, хордлогын мэдрэмж төрүүлнэ. Мөн ходоодны хүчлийг ихэсгэж, ходоодыг цочроодог.

Ядаж архины хэрэглээ нэмэгдэх үеэр архинаас татгалзъя

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна