/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АХМАД АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АХМАД АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Олон Улсын болон Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, хүлээн авах арга хэмжээг өнөөдөр /2023.09.28/ зохион байгууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд болон албаны хүмүүс, ахмад ажилчид оролцов.

Арга хэмжээг нээж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийнн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд хэлсэн үгэндээ: “Аливаа байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, алс хэтийн бодлого, үйл ажиллагааг нь чиглүүлэн манлайлах үнэт зүйл бол хүн өөрөө, түүний дотроос ажил, амьдралын арвин их баялаг туршлагатай ахмад ажилтнууд билээ.

Тийм ч учраас бид Та бүхнээсээ байгууллагын залуу хойч үеийг сургаж дадлагажуулах, уламжлал ёс, дэг жаягийг өвлүүлэх, учирч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга эвийг олох зэрэг олон зүйлийг суралцаж, ахмад-залуу үеийн холбоог улам бэхжүүлэхийг хичээж байна...

...Бид та бүхнийхээ үйл хэргийг залгамжлан хөгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллах болно” гэв.

Хүндэтгэлийн арга хэмжээнд 80 гаруй ахмад ажилтнууд оролцсон юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Нийт ахмадууд та бүхэндээ “Олон Улсын болон Монголын ахмадын өдөр”-ийн мэндийг хүргэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна